"4 дүгээр сарын 25-нд цэцэрлэг, сургуулийн хичээл болон албан байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ"

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулахаар болсон. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

 

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгийг онцоллоо. Тэрбээр иж бүрэн сургуулилалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн талаар "Сургуулилалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно. 

Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулиалт болно. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Учир нь газар хөдлөлийн үед хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүсэж байна" гэлээ. 

Энэ өдөр иргэдийг хамруулах дадлага сургуулилалт нь дөрөвдүгээр сарын 25-нд 08:00 цагт зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстойг онцгой байдлын албаныхан хэллээ. 

"Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд иргэд бүгд цуглах ёстой. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад бүх хүн оролцох ёстой тул цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ажил эхлэх цагийг хойшлуулна. 09:30 цаг хүртэл дадлага, сургуулилалт үргэлжилж, 10:00 цагаас эхлэн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, албан байгууллагын ажил эхэлнэ" хэмээн хурандаа Б.Ууганбаяр хэллээ. 

Дадлага сургуулилалттай холбогдуулан газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх аж. 
Тэрхүү хуудсыг дадлага оролцохдоо авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэх юм байна. Ийнхүү тэмдэглүүлснээр дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлийг мөн хийх юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг иргэддээ суулгахад чухал нөлөөтэй тул иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэснээр үүсэж болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой.Тус арга хэмжээнд нийслэлд буй бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох ёстой" гэв.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт